|
There are no translations available.
Монгол Улсын Үндсэн хуулийн 20 жилийн ойд зориулан Батлан хамгаалахын сайд Л.Болд 2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр БХИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтнууд, сонсогч, оюутнуудад “Аюулгүй байдлын орчны өөрчлөлт, улс орныг батлан хамгаалах стратеги” сэдвээр лекц уншлаа. Уг арга хэмжээнд БХЯ, ЗХЖШ, ҮАБЗ, ГХЯ, ТЕГ, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ОБЕГ, Дотоодын цэргийн удирдах албан тушаалтнууд, түүнчлэн аюулгүй байдлын асуудлаар судалгаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл урилгаар оролцлоо.
Сайд Л.Болд лекцийнхээ эхэнд өнгөрсөн онд дэлхий дахин, ялангуяа хөрш хоёр орон, Ази, Номхон далайн бүс нутагт өрнөсөн үйл явдлуудыг товч дурдаад эдгээр нь цоо шинэ үзэгдэл бус, сүүлийн жилүүдэд олон улсын аюулгүй байдлын орчинд гарсан асар хурдацтай өөрчлөлтүүдийн илрэл гэж тэмдэглэв. Эдийн засгийн хямрал, хүний аюулгүй байдал зэрэг аюул эрсдэлийн уламжлалт бус хэлбэрүүд цэрэг-дайны уламжлалт аюул заналаас дутахгүй хөнөөлтэй болохыг мөн дурдлаа.
Хөгжил дэвшил даяаршихын хэрээр аюул эрдсэл ч даяаршиж байгаа энэ нөхцөлд уламжлалт аюулгүй байдлын гадаад орчин нэн таатайд тооцогддог манай улс ч аливаа эрсдэлээс бүрэн хамгаалагдсан гэж тайвшрах үндэсгүйг сайд Л.Болд тэмдэглээд, энэ өдрүүдэд 20 жилийн ой нь тохиож байгаа Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль, түүнд тулгуурлан батлагдсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Гадаад бодлогын үзэл баримтлал”, түүнчлэн “Төрийн батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн төсөлд тусгагдсан зарим шинэлэг санаа, оцлогийг тайлбарлав. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “аюулгүй байдал цогц байх”, “аюулгүй байдлыг хангахад төр, иргэний хамтын ажиллагааг чухалчлах”, “аюулгүй байдлын асуудалд мэдлэгт суурилсан хандлагаар хандах” зэрэг зарчмуудыг иш татан онцоллоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга болох улс төр дипломатын үйл ажиллагааны нэг хэлбэр нь улс орныг батлан хамгаалах үйл ажиллагаа болохыг батлан хамгаалах салбарын сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн идэвхитэй алхам, санал, санаачлагуудаар тодорхой жишээ татан дурдав.
Батлан хамгаалахын сайд Л.Болд Монгол Улсын Зэвсэгт хүчин төдийгүй үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг “зөөлөн хүч” хэмээн томъёолох шинэлэг санааг дэвшүүллээ.
Лекцийн нэг гол сэдэв бол үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь батлан хамгаалах салбараар хязгаарлагдахгүй, мөн улс орныг батлан хамгаалах стратеги, үйл ажиллагаа нь Зэвсэгт хүчний хүрээн дэх цэргийн байгуулалт, үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй гэсэн санаа байв. Энэхүү үзэлд хандлагын үүднээс сайд Л.Болд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, тангараг өргөсөн албан хаагчдын хамтарсан сургалт, дадлагыг идэвхжүүлэхийн ач холбогдлыг чухалчиллаа. Тухайлбал, аюулгүй байдлын олон талт асуудлаар төрийн албан хаагчдад мэдлэг, мэдээлэл өгөх албан тушаалын дамжааг “хүчний” гэгдэх эдгээр байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын оролцоотойгоор БХИС, түүний эрдэм шинжилгээний хүрээлэнд төвлөрүүлэн зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн Үндсэн хуулинд заасан иргэн бүр эх орноо хамгаалах журамт үүргээ биелүүлэх эрмэлзэлтэй залуучуудын тоо нэмэгдэж байгааг сайшаахын сацуу тэдэнд ийм боломжийг нь бүрдүүлэх, мэдээллээр хангах, сургалт, бэлтгэлийн орчинг бүрдүүлэх тал дээр Зэвсэгт хүчин төдийгүй үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран санаачилга гаргаж ажиллахыг Батлан хамгаалахын сайд уриаллаа.
Үндсэн хуулийн ойн босгон дээр уншсан энэ лекц нь 2010 онд шинэчлэгдэн батлагдсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлын заалт, улс орныг батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны талаар тусгагдсан заалтуудыг Үндсэн хуулийн үзэл санааны ханан дээр суурилуулан тайлбарласан, мөн “Төрийн батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэхүүлэхийн өмнө уншсанаараа онцлог байв. Энэхүү лекц нь илтгэгчийн Батлан хамгаалахын сайдаар ажилласан хугацааны ололт, амжилт, үр дүнгийн илэрхийлэл төдийгүй аюулгүй байдал, батлан хамгаалах стратегийн асуудлаар төрийн зүтгэлтний хувьд цаашид ч баримтлах чиг харааг танилцуулсан үйл явдал боллоо.
Батлан Хамгаалахын Их Сургууль
Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн |